Халуун сэдэв

Албаны хүмүүс нь алдаагаа иргэд рүү ийнхүү чихэж байгаад олон нийтийн зүгээс дургүйцэж байна

Цахим хуудаст сайжруулсан шахмал түлштэй холбоотой иргэдийг талцуулсан нэгэн мэдээлэл гарлаа. Тус мэдээлэлд нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр сайжруулсан түлш хямд учир иргэд их түлж байна гэсэн юм. Тиймээс агаарт тархсан угаарын хийн чанар сайжрахгүй байна гэв.Энэ нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргэв. Учир нь нийслэлээс агаарын бохирдол бууруулах нэрийдлээр өөр дорвитой арга хэмжээ авч чадаагүй байж, өөрсдийн хийсэн ганц ажлаа сүржигнэн сурталчилж байгаад иргэд бухимджээ.

Сүүлийн үед гэр хороололд утаа ихсэх шалтгаан нь буруу галлагаа, стандарт бус зуухнаас хамааралтайгаас гадна сайжруулсан шахмал түлшний хэрэглээ ихэссэнтэй албаныхан холбож байна. Гэвч бодит байдал дээрээ үнэ хямдарсандаа биш өөр сонголтгүйдээ нийслэлийн иргэд тус түлшийг авч байгаа. 50 хувь хөнгөлөлттэй үнээр авч байгаа ч долоо хоногт авах зургаан шуудай сайжруулсан түлш өрхийн хэрэгцээнд хүрдэггүй аж. Тиймээс албаны хүмүүсийн хэлж байгаа тайлбарыг иргэд утаагүй түлшээ сурталчлах пи-ар хэмээн хүлээн авч байна.

Өнгөрсөн жилүүдэд ч утааг бууруулах нэрийдлийн дор олон ажлыг төлөвлөж, төсөвлөж хийсэн ч амжилт олоогүй учир алдаа дутагдлаа өөрсдөөсөө холдуулах нэг гаргалгаа ч гэж иргэд харж байна. Ямартай ч сайжруулсан түлшний үнийг хямдруулснаар зах зээлд эрэлт үүсч иргэд ихээр авч байна гэдэг нь үнэнээс хол. Учир нь хороо, дүүргээс өрх бүрд долоо хоногт хэрэглэх сайжруулсан түлшний хязгаарыг тогтоосон. Картаар авдаг учир нэг өрх зургаагаас илүү шуудай түлш авч болохгүй. Тэгэхлээр гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан түлшийг их түлэхийг хүссэн ч олдохгүй байгаа нь бодит байдал. Албаны хүмүүс нь алдаагаа иргэд рүү ийнхүү чихэж байгаад олон нийтийн зүгээс дургүйцэж байна.

ЭХ СУРВАЛЖ:https://news.mn/r/2515254/