Ерөнхийлөгч

Ч.Дашдэмбэрэл, Н.Жанцан нарт хөдөлмөрийн баатар цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан парламентат ёсыг төлөвшүүлэх, төр, нийгмийн шинэчлэлийг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Үндсэн хуулийг батлалцаж, аймаг, орон нутаг болон парламент, Ерөнхийлөгчийн институтэд олон жил үр бүтээлтэй ажиллан удирдан зохион байгуулж, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжихэд бодит хувь нэмэр оруулсан тул төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны дарга, малын гавьяат эмч Ч.Дашдэмбэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Мөн Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллан Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулж, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч Н.Жанцанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ж.Болдбаатар, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга асан, “Монгол уламжлал” академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Л.Дашням нарт Монгол Улсын Ардын Багш цол хүртээлээ.

Мөн шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаанд оролцож, Үндсэн хуулийг дагалдан гарах хуулиудыг боловсруулахад идэвх зүтгэл гарган ажилласан, Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагаанд оюун ухаан, мэдлэг чадвараа дайчилж олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Бага Хурал, Улсын Их Хурал болон Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ж.Бямбажавт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат хуульч цол хүртээв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Ч.Дашдэмбэрэл

АИХ-ын депутат, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцан нарт хүртээлээ.

Ардын багш цолыг

Академич Ж.Болдбаатар

АИХ-ын орлогч дарга асан Л.Дашням нар олгов.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг

АИХ-ын депутат асан Ц.Товуусүрэнд

Монгол Улсын гавьяат багш цолыг

УИХ-ын гишүүн асан Н.Содномдорж

АИХ-ын депутат асан Б.Чойжилсүрэн

ҮХЦ-ийн гишүүн асан Ч.Энхбаатар

Монгол Улсын гавьяат механикжуулагч цолыг

АИХ-ын депутат асан Н.Дашзэвэг

Монгол Улсын гавьяат хуульч цолыг

ЗГХЭГ-ын дарга Г.Батбаатар

АИХ-ын депутат асан Ж.Бямбажав

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга асан Д.Дашдорж

Шадар сайд асан Ц.Оюунбаатар

ТАЗ-ийн орон тооны бус зөвлөх Г.Өнөбаатар

АИХ-ын депутат асан Л.Хангай

УИХ-ын гишүүн асан Л.Цог нарт гардууллаа.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг

АИХ-ын депутат асан Л.Баатарсүрэн

УИХ-ын гишүүн асан Т.Ганди

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар хүртээлээ.